Нийгэм Онцлох мэдээ

Төрийн дээд “Чингис хаан” одонг хэн, хэнд хүртээж байв?

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэргүүн зэргийн уг одонг хэнд хүртээхийг өнөөдөр зарлана.

Харин одон гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 11.40 цагт болно.

“Чингис хаан” одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан түүхтэй.

“Чингис хаан” одонг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Харин Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид хэн хэнд “Чингис хаан” одонг хүртээж байсныг танилцуулъя.

 

2005 он Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх “Чингис хаан” одонг гардуулж байв. Тэрбээр ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлуулах, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлжээ.

Энэ нь Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр “Чингис хаан” одонг хэн хэн хүртэж байв

 

2006 хөгжмийн зохиолч Б.Шарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “Чингис хаан” одонг хэн хэн хүртэж байв

2009 он Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

2010 он Р.Гончигдорж

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэв.

2011 он Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байв. Энэ жилийн одонгийн эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа.

2012 он УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.

2013 он Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном

2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. 2013 онд энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм. Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

2014 он ШУ-ы доктор, профессор, академич Х.Намсрай

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэлсэн байлаа.

2015 он яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээсэн юм.

2016 он Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга “Чингис хаан” одонг хэн хэн хүртэж байв

2017 он Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм. Тэрбээр уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон билээ.

2019 он The Hu хамтлаг

11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг нь хүннү рок урсгалаар уран бүтээлээл туурвидаг. Энэ удаагийн шагналаас эхлэн хувь хүнд гардуулдаг байсныг өөрчлөн “Чингис хаан” одонг жаазанд хийн хамтлаг, байгууллагад гардуулдаг болсон байна.

Тухайн үед шагнал гаруулах ёслолын үеэр The Hu хамтлаг гадаад улсад тоглолттой байсан учир хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогт гардуулжээ.

2011 он БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой “Монгол цэргийн өдөр”, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон гардуулсан.

Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг нь үнэлж түүнд уг одонг олгосон юм.

2011 он Монгол Улсын Зэвсэгт хүчин

Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнахаар зарлиг гаргасан байдаг.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг түүхэндээ хэд хэдэн удаа өнжисөн байдаг. Цар тахлын дотоод дахь тархалтыг хумих зорилгоор хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хязгаарласан тул жил бүрийн “Монгол бахархлын өдөр”-өөр уламжлал болгон зохион байгуулдаг байсан шагнал гардуулах ёслол болон тус өдрийг тэмдэглэх үйл ажиллагааг тухайн үед цуцалж байв. 2020 онд өнжсөн шагнал гардуулах ажиллагааг дараа жил нь буюу 2021 онд нөхөж, тухайн онд анх удаа Ж.Гүррагчаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчин гэсэн хоёр эрхэм, байгууллагад зэрэг хүртээж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” одонг хэн хэн хүртэж байв

2022 он Академич, доктор, профессор Д.Доржготов болон АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак (Жэк) Уэтерфорд нарт

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээсэн.

АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордийг Монголын түүх соёл, Чингис хаан, эзэнт гүрний талаар олон бүтээл туурвисан. Түүний 2004 онд гаргасан “Өнөөгийн эзэнт гүрэн ба Чингис хаан” бүтээл нь “Нью Йорк” таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь хэвлэгдэж, 20 гаруй улс оронд хэвлэгдсэн. Энэхүү бүтээлээр Монгол ба Чингис хааны талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, хууль эрх зүй, дипломат халдашгүй байдал, шашны эрх чөлөө сүм хийдээс ангид байх тогтолцоог тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн Их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Мөн 2010 онд “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан улсын хэлээр орчуулагдаж, олон орны хүртээл болсон явдал бол газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов гуайд хөрсний гарал үүсэл, газар зүй ангилал, онолын суурь судалгаанд анхаарч, олон арвин бүтээл гаргасан. Монгол орны хөрс хэмээх алдарт судалгааны бүтээлээ хэвлүүлж байсан. Монголын нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь гэх бүтээлүүдэд оролцсон. Д.Доржготов гуай Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зураг зүйн салбарт олон гавьяа байгуулсан хэмээн олгож байлаа.

2023 он Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн. Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэж байв.

Анх 1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулжээ.

2024 он НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ.

Бан Ги Мүн нь БНСУ, Бразил, ОХУ, Филиппини, Казахстан, Нидерланд, Аргентин, Португал зэрэг 18 орны төрийн шагналыг хүртэж байжээ.

2025 он Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд олгосон юм.

Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байна.

Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.

Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.

 

Мөн 2007, 2008, 2018, 2020 онд олгоогүй, алгасч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 17 удаагийн шагналыг 18 эрхэмд хүртээжээ. “Чингис хаан” одонг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Нийт 18 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 15 нь хувь хүн, байгууллагаас Монгол Улсын Зэвсэгт хүчин, The Hu хамтлаг, Морин хуурын чуулгыг шалгаруулсан юм.

Сэтгэгдэл