Шинэ археологийн малтлага судалгаагаар Чингис хааны билэг сургаалын анхны бичмэл хэсэг олдлоо. Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн болон Японы эрдэмтдийн баг Өвөрхангай аймгийн Уянга сумын Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага явуулсан юм.
2026 оны наймдугаар сард зохион байгуулагдсан хээрийн судалгаагаар монгол бичгээр бичигдсэн 30 орчим үйсэн номын хэсэг илэрч, сэргээн засварлах ажил эхэлжээ. Эхний уншилтаар эдгээр бичвэр нь шашны ном, зурхай, сургаалын агуулгатай ба “Лу. Алтан товч”-д тэмдэглэгдсэн эхтэй нийцэж буйг тогтоосон байна.
Тус бичмэлд Чингис хааны хөвгүүд, дүү нартаа хэлсэн билиг сургаалын анхны хэсэг багтсан нь онцлог бөгөөд энэ нь археологийн малтлагаар анх удаа илэрч буй баримт болж байна.
Мөн талбайгаас XVI–XVII зууны үеийн ханын зураг, бурхны шавар баримал, эрхи, шүншиг, төмөр эдлэл зэрэг үнэт олдворууд олдсон нь Олон сүмийг тухайн үеийн Монголын эртний сүм хийд, шашин, бичгийн соёлын чухал төв байсан болохыг илтгэж байна.


Сэтгэгдэл