Эрүүл мэнд

Өмнөд Солонгосын эрдэмтэд гөлөгний бичлэг хүний стресс болон дээд даралтанд эерэг нөлөөтэйг тогтоожээ

Өмнөд Солонгосын эрдэмтэд гөлөгний бичлэг хүний бие махбодь болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Энэхүү судалгаа нь олон улсын “Frontiers in Public Health” сэтгүүлд нийтлэгдсэн аж.

Судалгааны багийнхан амьтны зан төлөвийн онцлогт үндэслэн, гөлөгний том нүд, дугуй царай, жижигхэн хамар зэрэг нь хүний хайрлах, хамгаалах сэтгэлийг үүсгэдэг гэдгийг онцолж, 15 минутын тусгай бичлэг бэлтгэсэн байна. Энэ бичлэг нь үзэгчдэд яг л өөртэй нь нүдээрээ харьцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бүтэцтэй юм.

Бичлэгийг 66 хүнд үзүүлж, үзэхээс өмнөх болон дараах биеийн байдал буюу дээд даралтыг хэмжжээ. Судалгааны үр дүнд оролцогчдын дээд даралт мэдэгдэхүйц буурсан бөгөөд сэтгэл санааны хямрал, айдас түгшүүр, ядаргаа, бухимдал зэрэг сөрөг мэдрэмжүүд буурсан байна.

Судалгааг удирдсан профессор Сон Ён Хван хэлэхдээ “Өдөр тутмын амьдралд хялбархан ашиглаж болох ийм аргыг эмчилгээтэй хослуулбал өвчтөнүүдийн стрессийг бууруулах, цусны даралтыг хянахад үр дүнтэй” гэжээ.

Сэтгэгдэл