Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай болон бусад холбогдогчдын авлигын гэмт хэргийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэргийг хэлэлцэж, прокуророос илгээсэн яллах дүгнэлтийг авч үзсэн юм. Яллагдагч нарт холбогдуулах гомдол нь албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлөх, мөнгө угаах зэрэг үйлдлийг хамарч байна.
Шүүх хуралдааны үеэр хохирогч тал буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай мэдэгдсэн байна. Гэвч хохирогчийн шинэ төлөөлөгчийг хууль ёсны журмын дагуу тогтоож, хэргийн материал танилцуулаагүй нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж шүүх үзжээ.
Мөн яллагдагч Т.Даваадалай өөр хэрэгт мөн яллагдагчаар татагдсан тул, хэргийг нэгтгэх хүсэлт гаргасныг шүүх авч хэлэлцээд зөвшөөрсөн байна.
Түүнчлэн шүүх дээрх нөхцөл байдал, маргаан бүхий тендерийн асуудалд холбогдох албан тушаалтнуудын үйлдлийг дахин шалгах шаардлага байгааг дурдав.
Шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан байна.


Сэтгэгдэл