Цаг уурын байгууллагын мэдээллээр 11-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их хэмжээний цас орно.
Мөн 12-13-ны хооронд Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн хэсэгт, Хөвсгөлийн өмнөд хэсэгт цас орсон байна. 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгууд, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчимд цас орох бөгөөд 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогчдод хурдаа тохируулж, автомашины хоорондох зайг барихыг зөвлөж байна. Мөн халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслах шаардлагатайг анхаарууллаа.
Цасан шуурганы үед шаардлагагүй бол замд гарахгүй байхыг зөвлөж, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас болон хүнсээ бүрэн бэлдэхийг зөвлөв.
Үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлэх хэрэгтэй бөгөөд бага насны хүүхэд, өндөр настнууд болон мал сүргээ хараа хяналттай байлгахыг анхаарууллаа. Мөн хүйтний эрч чангарах учир зам, даваа, гүвээнд хурд зохицуулах, аюулгүй байдлыг хангахыг онцолж байна.


Сэтгэгдэл