Эдийн засаг

Монгол Улсын 2027 оны улсын төсөвт чиглэсэн 14 онцлох шийдвэрийг баталлаа

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-нд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсөвт туссан иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, татварын бодлого, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлийн 14 онцлох шийдвэрийг танилцуулсан юм.

Төсөв нь тоо, санхүүгийн үзүүлэлтээс гадна иргэдийн амьдрал, өрхийн орлого, нийгмийн үйлчилгээтэй шууд холбоотой бөгөөд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг дэмжих, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн төсөв болсон гэж тэрбээр тэмдэглэв.

Онцлох 14 шийдвэрт:
1. 562 мянган хүний тэтгэвэрийг 10 хувиар нэмэгдүүлэх, мөн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр олгож эхэлсэн суурь тэтгэврийг үргэлжлүүлэх;
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмад настны халамжийн тэтгэвэрийг 600 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэх;
3. Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх замаар нийт 1.3 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх;
4. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар 10-20 хувиар нэмэгдүүлэх;
5. Боловсролын салбарт 928 тэрбум төгрөг зарцуулж шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр барих, хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлэх;
6. Эрүүл мэндийн салбарын 69 төсөлд 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх;
7. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох;
8. 16 мянган өрхийг орон сууцтай болгох зорилтыг дэмжих;
9. Дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх;
10. Эрчим хүчний хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэх;
11. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих олон төсөл хэрэгжүүлэх;
12. Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавих;
13. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах;
14. Орон нутгийн төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг тусгасан байна.

Ерөнхий сайд Н.Учрал энэ төсөв нь иргэдийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын ачааллыг багасгах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэж байгааг онцлов.

Сэтгэгдэл