Авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай холбоотой гурван хэрэгт шүүхээс ял оноосон байна.
Бүсийн аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нар 2017 онд нөхөн сэргээлтийн тендерт “Э…” ХХК-ийг давуу байр суурьтай болгохоор компаниас 100 сая төгрөгийн хахууль авсан бөгөөд энэ хэргийн улмаас шүүхээс Г.Б-г нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, 31.8 сая төгрөгөөр торгосон байна. Ц.О-г мөн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 31.8 сая төгрөгөөр торгожээ. Хахууль өгсөн “Э…” ХХК-ийн нягтлан бодогч З.Э-д зургаан сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан бөгөөд тус тендерт давуу байдал бий болгоход оролцсон Д.И, Д.С, С.М нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна. Хахуулийн 100 сая төгрөгийг Г.Б, Ц.О нараас хувь тэнцүүлэн улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийн нягтлан бодогч Б.Т 2025 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд 59 албан хаагчийн цалингаас нийт 27.8 сая төгрөг суутган авч, үүнээс 20.3 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн завшсан байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Б.Т-г нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хугацаанд тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан байна.
Түүнчлэн, төрийн өмчит “Д…” ХХК-ийн удирдлагуудад төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулах, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхайлуулах зорилгоор 2024 онд хоёр удаа нийт 140 сая төгрөгийн хахууль өгсөн Д.Ү-г шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгосон шийдвэр гаргасан байна.


Сэтгэгдэл