Эдийн засаг

2030 он гэхэд төрийн өмчит компанийн тоог 85 болтол бууруулна

Монгол Улсын Их Хурал “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Уг бодлого нь төрийн өмчит компанийн өмчлөлийн зорилго, төрийн оролцооны үндэслэл, өмчлөгчийн эрхийн зарчмыг тодорхойлж, төрийн өмчийн үнэ цэн ба үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн суурь баримт бичиг юм.

Бодлогын дагуу төрийн өмчит компани тус бүрийн төрийн өмчлөлд байх үндэслэл, хувьцаа эзэмших зорилго, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох бөгөөд өмчлөгчийн чиг үүргийг нэгдсэн бодлого, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хэрэгжилтийг 2027-2030 онд гурван үе шаттай явуулах юм.

Монгол Улс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдийг өмчлөлийн зорилго, чиг үүргээр нь ангилж, 47 компанийг арилжааны, 54 компанийг нийтийн үйлчилгээний ангилалд багтаахаар төлөвлөсөн байна. Давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг багатай бүтэцтэй компаниудыг нэгтгэх, татан буулгах зэргээр зохион байгуулалтыг шинэчилж, төрийн өмчит компанийн тоог 2030 он гэхэд 85 хүртэл бууруулах зорилт тавьжээ.

Мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах боломжтой 34 компанид бүтцийн болон өмчлөлийн шинэчлэл хийхээр төлөвлөн, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцааг борлуулах, стратегийн хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдүүлэх юм.

Бодлогын хэрэгжилтийн үр дүнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо олон улсын жишигт хүрч, төрийн өмчийн ашиглалт, үр өгөөж сайжрах төлөвтэй байна.

Сэтгэгдэл