Турк улсын Анталья хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын COP31-ийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсын Байгаль орчны сайд Сасагава Хироёшитой албан уулзалт хийж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд нүүрстөрөгчийн зах зээл болон Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд хуримтлуулсан туршлагад тулгуурлан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжийн талаар хэлэлцлээ.
Монголын талаас сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент, дулаан хангамжийн шинэчлэл, бэлчээрийн тогтвортой менежмент болон доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Харин Японы талаас экосистем болон доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр өөрийн орны туршлага, дэвшилтэт технологийг хуваалцах, мөн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Талууд Японы дэвшилтэт технологи, сайн туршлагад суурилсан хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улмаар доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад санал нэгдэв.


Сэтгэгдэл