Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хороонд байрлах нийтийн XXI худгаас 11-р сарын 18-ны өдөр мөнгөн ус илэрсэн тухай мэдээлэл гарлаа. Энэ худгаас ойролцоогоор 1000 айл ундны усаа авдаг байна.
Тухайн худгаас усаа авсан хоёр айлын авсан усаас мөнгөн ус илэрчээ. Айлууд тогоондоо ус хийсэн үед нь ёроолд нь мөнгөн ус тунасан байна. Үүний дараа цагдааг дуудаж, мөнгөн усны үзүүлэлтийг харуулсан байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгалтын ажиллагаа явуулж, мөнгөн усыг уг савнаас 5-8 грамм хэмжээгээр ялган авч, Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид шинжилгээнд өгчээ.
Мөнгөн ус илэрсэн хоёр айлын 10 гаруй хүн хордлогонд өртсөн бөгөөд дунд нь 6-7 сартай жирэмсэн хоёр эмэгтэй байна. Тэднийг эмнэлэгт хэвтүүлэн, хордлогын эсрэг эмчилгээ хийж байгаа аж.
Мөн тус хэрэгт 1 настай хүүхэд болон 5, 6, 9-р ангийн сурагчид ч хамрагдаж байгаа мэдээлэл байна.
XXI худгийг Ус сувгийн удирдах газрын нийтийн усан хангамжийн шугамд холбож, олон давхар шүүлтүүрээр шүүсэн ус түгээдэг учир мөнгөн ус худагт байх боломжгүй гэж УСУГ-ынхан үзжээ.
Одоогоор цагдаагийн болон тагнуулын байгууллагууд мөнгөн ус ундны усаар хэрхэн орсон шалтгааныг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл