Нийгэм

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хаврын уралдаанд 14 нас хүрсэн хүүхэд морь унуулах хуулийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй гэв

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц энэхүү хуулийн төсөлд 14 нас хүрсэн хүүхдийг хаврын уралдаанд хурдан морь унуулахыг зөвшөөрөхээр тусгасантай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр хүүхэд 14 нас хүрсэн ч хаврын хүйтэнд мориноос унаж бэртэх эрсдэл өөрчлөгдөхгүй гэж үзэж, уг төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т төр аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн язгуур эрхийг дээдэлж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг тодорхой заасан байгаа талаар тэмдэглэв. Уг зарчмыг УИХ баримтлах ёстой гэдгийг онцолсон байна.

Энэ асуудлаар Улсын дээд шүүхийн 2017 оны шийдвэр бий. Иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлээр гурван шатны шүүхээс хаврын уралдааныг товлосон Засгийн газрын тогтоолын холбогдох заалт хууль бус болохыг тогтоожээ. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс хаврын уралдаан нь хүүхдэд ямар эрсдэл авчирдагийг судалж, анхааруулж ирсэн байна.

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь уралдуулах, сунгаа, үсэргээнд оролцуулахыг хориглодог юм. Гэвч уг хуулийн төсөлд 14-17 настай хүүхдүүдийн энэ хамгаалалтыг сулруулахаар тусгасныг Г.Лувсанжамц эсэргүүцэж байна.

Тэрээр монгол хүний өв соёл нь 2000 жил уламжлагдсан хэврэг зүйл биш бөгөөд хаврын уралдаанд хүүхэд морь унуулахгүй байх нь өв соёлын усталтанд нөлөөлөхгүй хэмээн дүгнэсэн байна. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл