Нийгэм

Монгол иргэнийг ОХУ-д цэрэгт татагдсан талаар буцаах хүсэлт гаргажээ

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлснээр, Орос улсад өндөр цалинтай ажил эрхлэхээр очсон Монгол Улсын нэг иргэн цэрэгт татагдан, дайны ажиллагаанд дайчлагдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан байна.

Иргэний ар гэрийн хүсэлтийн дагуу ГХЯ-наас ОХУ-ын холбогдох байгууллагуудад албан хүсэлт илгээж, иргэнийг эх оронд нь буцаах асуудлыг хөөцөлдөж байгаа аж.

Р.Нямдаваа хэлэхдээ, тухайн иргэний гэр бүл өмнө нь буюу нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнөхөн ГХЯ-нд албан хүсэлт гаргасан бөгөөд үүний дагуу Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай холбоо тогтоосон гэжээ. Мөн ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яамдтай холбогдон иргэний талаарх мэдээллийг өгсөн байна.

Иргэний ар гэрийн төлөөлөлтэй тогтмол харилцаатай байгаа бөгөөд хэлний бэрхшээлээс шалтгаалан гэрээнд санамсаргүй гарын үсэг зурсан тул буцааж авъя гэсэн хүсэлтийг ОХУ-ын талд хүргүүлсэн болохыг онцлов.

ГХЯ-аас өмнө нь өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр Монгол иргэдийг цэргийн тусгай ажиллагаанд татан оролцуулах тохиолдол гарч байснаа мэдэгдсэн байна. Тус хэрэгт хүмүүс цахим орчинд байршуулсан тогооч, тээврийн жолооч зэрэг ажлын зарын дагуу бүртгүүлж ОХУ-ыг зорьсон ч бодит байдал дээр цэргийн үйл ажиллагаанд оролцуулах зорилготой залилангийн шинжтэй үйлдэл байсан гэж мэдээлэв.

Р.Нямдаваа энэ асуудал ганц иргэний биш, өмнө нь хэдэнтээ гарч байсан бөгөөд цаашид дахин давтагдах магадлалтай болохыг онцлов. Тэрээр зохион байгуулалтын хувьд ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдээр хэрэгжиж буй залилангийн төрлийн үйл ажиллагаа гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл