Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох хязгаарлалтын журмыг цуцлуулах өргөдөлд 16 мянган хүн гарын үсэг зуржээ

2026-08-031min
Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох хязгаарлалтын журмыг цуцлуулах өргөдөлд 16 мянган хүн гарын үсэг зуржээ
Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох хязгаарлалтын журмыг цуцлуулах цахим өргөдөлд 16,166 хүн гарын үсэг зурсан бөгөөд нийт 33,000 гарын үсэг цуглуулах зорилготой байна.

Улаанбаатар хотод 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг тодорхой шалгууртай болгож, журмаар хязгаарласан.

Иргэн Д.Галсанцэрэн энэ оны долоодугаар сарын 14-нөөс эхлэн энэхүү журмыг цуцлуулах зорилгоор цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн 10:40 цагийн байдлаар 16,166 хүн дэмжлэг үзүүлжээ.

Өргөдөлд нийт 33,000 гарын үсэг цуглуулах зорилготой бөгөөд шаардлага хангавал УИХ дээр ажлын хэсэг байгуулагдан, холбогдох байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх юм.

Д.Галсанцэрэн өргөдлийн тайлбарт Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн уг журмын хэрэгжилт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилгод хүрээгүй бөгөөд улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдсэн зэрэг сөрөг үр дагавар үүссэн талаар олон нийтээс шүүмжлэл гарсаар байгааг дурдсан байна.