Нийслэлд усны ослоор зургаан хүн нас барж, хоёр хүнийг эрэн хайж байна

2026-08-041min
Нийслэлд усны ослоор зургаан хүн нас барж, хоёр хүнийг эрэн хайж байна
Нийслэлд энэ оны эхнээс усны ослоор 19 хүн амиа алдаж, сүүлийн гурван хоногт зургаан хүн нас барж, хоёр хүнийг эрэн хайж байна. Усны түвшин өндөр байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2026 оны наймдугаар сарын 4-нд үер болон гол усны ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат мэдээлснээр, энэ оны эхнээс нийслэлд усны ослоор 19 хүн амиа алдаж, үүнээс 16 нь том хүн, гурван нь бага насны хүүхэд байжээ.

Сүүлийн гурван хоногт найман удаагийн усны ослын дуудлага Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд эдгээр ослын улмаас зургаан хүн нас барж, хоёр хүнийг эрэн хайж байна.

Наймдугаар сарын 1-ний шөнө гурван хүн усны осолд өртсөнөөс нэг нь модны мөчир таарч амьд гарсан бол хоёр хүн урссан байна. Урссан хүмүүсийг 48 цагийн дотор эрэн хайж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн наймдугаар сарын 2-ны шөнө дөрвөн хүний нэг нь голын мөчир таарч амьд гарсан бөгөөд гурван хүн голд урссан байна. Нэг хүнийг олсон ч хоёр хүнийг эрэн хайж байгаа аж.

Гол усны түвшин есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буурахгүй байгаатай холбоотойгоор иргэд гол дагуу амарч зугаалж байгаа нь эрсдэлтэй байна. Холбогдох албанаас сэрэмжлүүлэг өгсөн ч иргэд үл тоомсорлож байгаа гэнэ.

Туул голын ус Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био орчмоор эргээ давж үерлэсэн бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид 28 өрхийн 107 иргэн болон амралтын газарт байрлаж байсан 183 хүний аюулгүй байдлыг хангажээ.

Наймдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний гол орчимд автомашинтай хүмүүс үерт урссан дуудлага ирсэн байна. Газар дээр очиход хоёр том хүн, гурван хүүхэд машинтайгаа урссан байжээ.

Нэг айлын гурван хүүхдийн нэг нь үерт урссан бөгөөд хоёр хүүхэд ухаан баларсан байдалтай байсан тул түргэн тусламжийнхан анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Урссан 11 настай хүүхдийг эрэн хайж, наймдугаар сарын 2-ны өдрийн 13:40 цагт олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж мэдээлэв.