Монгол Улсын гадаад үрчлэлтийн эрх зүйн шинэчлэл ба хамтын ажиллагаа

2026-08-051min
Монгол Улсын гадаад үрчлэлтийн эрх зүйн шинэчлэл ба хамтын ажиллагаа
Монгол Улс гадаад үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийн эрх, хөгжлийг дэмжих чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Монгол Улс “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц”-д 1998 онд нэгдэн орсон бөгөөд улс хооронд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд тусган хэрэгжүүлж ирсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл болон гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, тэдний гэр бүлийг хүлээн авч уулзлаа.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Эх оронтойгоо танилцах аялал” нь гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улс, соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх, хамтран ажиллах боломж олгодог.

Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, боловсрол, мэргэжил, ажил, амьдрал, гэр бүл, амьдарч буй улс орон, ирээдүйн зорилго болон үрчлэлтийн ач холбогдлын талаар ярилцсан байна.

Хүүхдүүд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ үеэр Гэр бүлийн тухай хууль (шинэчилсэн найруулга) болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог зохицуулалтуудыг танилцуулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлээр дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхээр заасан.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллаж, Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй болсон.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах зохицуулалт орсон.

Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл нь хүүхдийн хөгжлийн тайланг 18 нас хүртэл хагас жил тутам холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлэх үүрэгтэй болсон.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархал илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангах, улс орнуудын сайн туршлагыг хуваалцахад хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.