Шатахууны хангамжийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна

2026-08-071min
Шатахууны хангамжийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж, шатахууны нийлүүлэлт, хяналтыг сайжруулах үүрэг чиглэл өгч байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж, холбогдох байгууллагууд ажлын үр дүнгээ танилцуулан үүрэг чиглэл авч байна.

2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шатахуун түгээх станцууд (ШТС)-аас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин оочирлосон байна.

Автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензин олгох шийдвэр хэрэгжүүлснээс хойш сүүлийн хоёр хоног автомашины дараалал хоёр дахин буурчээ.

ШТС-уудаар дизель түлш хэвийн олгогдож байгаа бол АИ-92 автобензинийг хяналттай борлуулж байна.

Шуурхай штабын шийдвэрээр 50,000 төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож буй 100 ШТС байгаа бөгөөд АМГТГ-аас уг зохицуулалтыг мөрдөөгүй, лимитгүй АИ-92 автобензин борлуулсан долоон ШТС-ийг илрүүлжээ. Эдгээр станцуудад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулсан байна.

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд төр засагтай хамтран ажиллах, ШТС-уудын дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулж, бүх хошуугаар автобензин олгож, оочир бууруулах үүрэг өгсөн байна.

Монополын эсрэг газар шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гарсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг өгчээ.

Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6,360 тонн АИ-92 автобензин импортлогдсон бөгөөд ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмэлт 33 вагон буюу 1,980 тонн ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд Гадаад харилцааны яамыг анхаарал хандуулж, эрчимтэй ажиллахыг үүрэг болгосон байна.

Бүх төрлийн шатахууны импортод Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг Батлан хамгаалах яамны дэмжлэгээр зохион байгуулах үүрэг өгсөн байна.