Шатахууны хомсдолтой холбоотой цахим залилан, хууль бус худалдааллын талаар анхааруулга гаргалаа

2026-08-121min
Шатахууны хомсдолтой холбоотой цахим залилан, хууль бус худалдааллын талаар анхааруулга гаргалаа
Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор цахим орчинд хуурамч зар мэдээлэл тарааж, мөнгө залилан авах тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор иргэдийн эрэлт хэрэгцээг ашиглан цахим орчинд хуурамч зар мэдээлэл байршуулж, мөнгө шилжүүлэн авч залилан үйлдэх тохиолдол нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн хоногийн хугацаанд “Шагийн бензин зарна” гэсэн зарын дагуу иргэн “О” болон “Д” нар нийт 500 орчим мянган төгрөгөөр хохирсон тохиолдол бүртгэгджээ.

Мөн шатахууны хомсдлыг далимдуулан “Шатахууны талон зарна”, “Талонтой бол дараалалгүй шатахуун авна” гэх мэдээллийг цахим орчинд тарааж, иргэдээс урьдчилгаа төлбөр шаардсан тохиолдол гарч байна.

Мэргэжлийн байгууллагаас тодруулахад, шатахуун талон авсан иргэд дараалал дайрах давуу эрх эдлэхгүй бөгөөд “Талон авбал дараалалгүй шатахуун авна” гэсэн мэдээлэл нь цахим залилангийн шинжтэй гэдгийг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр залилагчид иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гэмт хэргийн арга хэлбэрээ богино хугацаанд өөрчилж байна. Тиймээс цахим орчинд “Шагийн шатахуун зарна”, “Талон зарна” гэх зар мэдээлэлд шууд итгэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн шатахууны хомсдолтой холбоотойгоор зориулалтын бус сав, зориулалтын бус газарт шатахуун хууль бусаар жижиглэн худалдаалах тохиолдол бүртгэгдэж байна.

Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заасан газрын тосны бүтээгдэхүүнийг хуульд заасан шаардлага зөрчин худалдаалсан зөрчилд хамаарах бөгөөд иргэнийг 200 нэгжтэй, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар шийтгэхээр заасан байна.

Иймд иргэдэд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна: цахим орчин дахь баталгаагүй шатахуун, бензиний зар мэдээлэлд итгэхгүй байх; “Шагийн бензин”, “талон” нэрээр худалдаалж буй зүйлд мөнгө шилжүүлэхгүй байх; урьдчилгаа төлбөр нэхсэн зар, мэдээллийг нягтлах; зориулалтын бус сав, газраас шатахуун худалдан авахгүй байх; сэжигтэй зар, мэдээлэлтэй таарвал холбогдох байгууллагад мэдээлэх шаардлагатай.