Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг Төв Азийн цуврал тэмцээнд алтан медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн энэ сарын 10-нд БНХАУ-ын Чанжоу хотод эхэлсэн бөгөөд зургаан өдрийн турш үргэлжилж байна. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна.
Өчигдөр Монголын эрэгтэй баг Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр аваргалж, алтан медаль хүртлээ. Тэд хэсгийн шатанд Ираны багийг 20:18, Японы багийг 21:12-оор ялсан бөгөөд шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр буулган авсан байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн ч өчигдөр тавдугаар байр эзэлжээ.
Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн төрөлд БНСУ-ын баг, эмэгтэйчүүдийн төрөлд Японы баг тэргүүлсэн бол гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ-ын баг онцгой амжилт үзүүлсэн байна.
Тус тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.
