COP17 бага хуралд 7.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах 314 төсөл бүртгүүлжээ

2026-08-171min
COP17 бага хуралд 7.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах 314 төсөл бүртгүүлжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын COP17 бага хуралд 7.6 тэрбум ам.долларын өртөг бүхий 314 төсөл хөрөнгө оруулалт татахаар бүртгэгдсэн бөгөөд 7500 гаруй төлөөлөгч оролцоно.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2024 оны наймдугаар сарын 17-нд албан ёсоор эхэлнэ. Хуралд 7500 гаруй зочин төлөөлөгч бүртгүүлсэн бөгөөд үүнээс 1000 гаруй нь дотоодын оролцогчид байна.

COP17-ийн албан ёсны цахим хуудсанд наймдугаар сарын 14-ний байдлаар хөрөнгө оруулалт татахаар 7.6 тэрбум ам.долларын өртөг бүхий 314 төсөл бүртгүүлжээ. Үүнд бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 2.1 тэрбум ам.долларын өртөгтэй 174 төсөл, ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгын хүрээнд 3.2 тэрбум ам.долларын өртөг бүхий 57 төсөл багтсан байна.

Мөн байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 83 төсөл санхүүжилт хүссэн бөгөөд эдгээр төслүүдэд сэргээгдэх эрчим хүч, бэлчээр ашиглалт, Орхон-Онги ус дамжуулах шугам хоолойн төсөл, Зүүн Хойд Азид шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, цөлжилтийн эсрэг Монголын ухаалаг инженерчлэлийн шийдэл зэрэг багтжээ.

Хурлын талбайн Цэнхэр бүсэд албан ёсны хурал хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах бол Ногоон бүсэд олон нийт, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанууд явагдах юм. Урьдчилсан хөтөлбөрийн дагуу даваа гарагт талуудын бага хурлын 1, 2 дугаар хуралдаан, шинжлэх ухаан технологийн хороо, конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хуралдаанууд болохоор төлөвлөгдсөн байна.