Засгийн газар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

2026-08-191min
Засгийн газар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Засгийн газар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх үндэсний загвар төслийг баталж, 2027 он хүртэл 100 сургуулийг шинээр барихаар төлөвлөжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Одоогийн байдлаар цэцэрлэг, сургуулийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, инженерийн дэд бүтцийн насжилт хэтэрсэн байна. Төрийн өмчийн 700 гаруй сургуулийг халаахад жил бүр 418 тэрбум төгрөгийн эрчим хүч зарцуулдаг бөгөөд аймгуудад 30-40 сургууль мод түлдэг, Улаанбаатар хотод 40 орчим сургууль нам даралтын зуухтай байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2027 он хүртэл 100 ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй сургуулийг улсын төсөвт санхүүжилтээр барихаар төлөвлөжээ. Энэхүү “Ногоон сургууль” нь сэргээгдэх эрчим хүч ашиглах бөгөөд ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй гэсэн дөрвөн үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжих юм.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд боловсролын байгууллагын эрчим хүч, усны хэрэглээний үр ашиг дээшилж, ашиглалтын зардал буурна. Мөн суралцагч, багш нарын дижитал ур чадвар нэмэгдэж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, эрүүл хооллолт сайжирна. Хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн болон цахим аюулгүй байдлын тогтолцоо бэхжиж, сургалтын орчин дахь эрсдэл буурах юм.

Хөтөлбөрийн хүрээнд энэ есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт анхны жишиг сургууль нээгдэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашиглан технологид суурилсан ухаалаг орчин бүрдүүлэхээр төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн Засгийн газраар “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү хууль нь өгөгдлийг байгууллага, салбар хооронд солилцох, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Ерөнхий сайд Н.Учрал өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын шинэ эдийн засгийн хөгжлийн тулгуур болохыг онцолж, сэргээгдэх эрчим хүч, дата төвийн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтойг тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд эм, эмнэлгийн хэрэгсэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах талаар танилцууллаа. 2026 онд гемофилийн фактор, хавдрын эм зэрэг шаардлагатай эмүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авч, үнийн хэмнэлт гаргах төлөвлөгөөтэй байна.

Мөн 2027 онд эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан 179 төрлийн эмийн үнийн санал авахад гадаад болон олон улсын байгууллагуудад хүсэлт илгээсэн байна. Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг төрөөс бүрэн хариуцах бөгөөд үүний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй гэрээ байгуулжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газраар баталж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Мөн үйлдвэрийн бүсийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах үүргийг холбогдох сайд нарт даалгав.

Үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх, импортын бараа материалын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 жилээр сунгах боломж бүрдэх юм. Техник, технологийн үнэлгээг салбар зөвлөлөөр хэлэлцэн, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, зөвшөөрөл олгох ажлыг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөжээ.