Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин нар 2021 онд цахим дээд түвшний уулзалт хийж, Монгол, Солонгосын хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Хамтарсан тунхаглал гаргасан билээ.
БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд өөрийн оронд зохион байгуулж байсан бөгөөд цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байна.
