Монгол Улс COP17-ын хүрээнд байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн түншлэлүүдийг эхлүүллээ

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк Групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чухал түншлэлийг эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол орны тогтвортой ойн аж ахуйг дэмжих чиглэлээр 100 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломжийг судлах Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурсан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь ойн салбарын тогтвортой хөгжил, ой хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэж байна.
Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран ой, доройтсон газрын нөхөн сэргээлт, био эдийн засаг, орон нутгийн ажлын байрыг дэмжих 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөрийг бүрдүүлэх зорилготой.
Мөн Дэлхийн Банк Групптэй хэрэгжүүлэх SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр түншлэлүүд нь тогтвортой хөгжил, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын зорилтыг урагшлуулахад чухал нөлөөтэй юм.
