Балба-Төвөдийн хил дээр болсон уулын хүчтэй үерийн улмаас олон зуун хүний амь үрэгдэж, сураггүй алга болоод байна

2026-08-271min
Балба-Төвөдийн хил дээр болсон уулын хүчтэй үерийн улмаас олон зуун хүний амь үрэгдэж, сураггүй алга болоод байна
Лхагва гарагт Балба-Төвөдийн хил дээр уулын хүчтэй үер бууж, хөрс гулгасны улмаас маш их хэмжээний хохирол учирч, олон зуун хүний амь үрэгдсэн буюу сураггүй алга болоод байна. Хятадын төрийн хэвлэлүүд болон Балбын албаныхан аль аль нь “асар их хэмжээний хохирол амссан” тухай мэдээлжээ. Энэхүү гамшгийн өмнөхөн Балбын гадаад хэргийн сайд Балба-Төвөдийн хил дээр газар хөдөлсөн […]

Лхагва гарагт Балба-Төвөдийн хил дээр уулын хүчтэй үер бууж, хөрс гулгасны улмаас маш их хэмжээний хохирол учирч, олон зуун хүний амь үрэгдсэн буюу сураггүй алга болоод байна.

Хятадын төрийн хэвлэлүүд болон Балбын албаныхан аль аль нь “асар их хэмжээний хохирол амссан” тухай мэдээлжээ.

Энэхүү гамшгийн өмнөхөн Балбын гадаад хэргийн сайд Балба-Төвөдийн хил дээр газар хөдөлсөн тухай мэдээлж байв.

Гэвч АНУ-ын геологийн судалгааны алба газар хөдөлснийг үгүйсгэжээ. Тиймээс үер, хөрсний гулсалт нь уулын мөнх цас хайлж, мөсийг тогтворгүй болгосонтой холбоотой гинжин урвал үүсгэснээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт Хималайн уулсын Хиндү Кушийн бүсэд уулын мөсийг ихээр хайлуулж байгаа нь нэгэнт тодорхой болсон зүйл. Гэхдээ судлаачид өчигдрийн гамшгийн учир шалтгааныг үүгээр тайлбарлахад хэтэрхий эрт гэж үзэж байна.

Энэ гамшигт Балбын нийслэл Катмандугаас хойд зүгт 65 км орчим зайд оршдог уулчид, мөргөлчдийн ихээр цуглардаг хил орчмын тосгод нэрвэгджээ.

Сураггүй алга болсон хүмүүсийн тоо одоо болтол бүрэн гараагүй байна. Балбын цагдаагийн газар 157 хүний цогцос олсноо мэдээлсэн бол Хятадын талд хамгийн багадаа гурван хүний амь үрэгдсэнийг мэдээлжээ. Гэхдээ сураггүй алга болсон хүмүүсийн тоо маш их байгаа тул амь үрэгдэгсдийн тоо өсөх нь тодорхой байна.

Балбын аялал жуулчлалын зөвлөл 403 хүн сураггүй болсны 341 нь гадаадын жуулчид байсныг мэдээлжээ. Тэдгээрийн ихэнх нь Энэтхэгийн иргэд байгаа юм байна. Нийтдээ 26 улсын иргэд сураггүй болсны дотор АНУ-ын 47, Их Британийн 33 иргэн байгаа гэнэ.

Балбын ерөнхий сайд “улс орон бүхэлдээ цочирдож, гүнээ шаналж байна” гээд гамшгийн мөрөөр хөрш Хятад улстай хамтран ажиллахаа мэдэгджээ.

Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх боломжоо шавхаж ажиллах, хоёрдогч гамшгаас сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай авахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Хөрш Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди засгийн газар нь Балба улсад бүх төрлийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сураггүй алга бологсдын 291 нь гадаадын иргэд байгаагаас Энэтхэгийн 142, Украины 53, Малайзын 17, Их Британийн 33, Канадын 24, АНУ-ын 54 иргэн байгаа юм байна.