Монгол, Оросын стратегийн түншлэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв

2026-09-021min
Монгол, Оросын стратегийн түншлэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Бишкек хотод уулзаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахыг зорьж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд тогтмол болж, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна.

Үүнтэй холбогдуулан 30 гаруй арга хэмжээг хамарсан хамтарсан төлөвлөгөө хэрэгжиж буй нь хоёр улсын түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой гэж талууд онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлснээр худалдаа, эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч, худалдааны эргэлт нэмэгдэх боломж бүрдсэн гэж талууд үзэв.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг хоёр тал тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойллоо.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, төслийг урагшлуулах, мөн “ДЦС-3” дулааны цахилгаан станцыг өргөтгөж шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник технологийг шинэчлэн ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоогийн 30 сая тонноос 50 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Мөн Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун болон зүүн коридор байгуулах боломжийг судлахаар тохиролцсон.

Баруун коридор нь босоо тэнхлэгийн төмөр замаар баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжин гурван улсын худалдааг өргөтгөх, зүүн коридор нь ОХУ, Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад дөт зам нээж, уул уурхайг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн сүлжээг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм.

“Росатом” компанитай хамтран бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар хэлэлцсэн байна.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч буй ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.

2026 оны есдүгээр сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотод болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд болон өндөр түвшний айлчлал, уулзалтын үеэр гарсан тохиролцоог бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс болон холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна.