Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг уулнаас буулгасан эргүүл хяналт хийв

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж байхад самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулан баримтжуулсан бөгөөд эдгээр иргэнийг уулнаас буулгасан байна.
Самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг цэвэрлүүлэн, ил задгай гал гарсныг унтраасан аж.
Дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хуульд хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцдог байна.
Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам.
