УБТЗ-ын Төв эмнэлэг улирлын томуугийн сайн дурын вакцин хийж эхэллээ

Улаанбаатар төмөр замын (УБТЗ) Төв эмнэлгийн Халдвартын кабинетад улирлын томуугийн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байна.
Хүйтний улирлын хүйтрэлттэй холбогдуулан томуу, томуу төст өвчний болон түүний хүндрэлээс сэргийлэх зорилгоор тухайн жилийн вирусийн идэвхжилд тохирсон дөрвөн өнгийн томуугийн вакциныг улс даяар зорилтот бүлэгт үнэ төлбөргүй, бусад иргэдэд сайн дурын үндсэн дээр хийдэг.
УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2026 оны есдүгээр сарын 1-нээс БНСУ-ын “SkyCellflu” нэрийн дөрвөн өнгийн вакциныг хэрэглэн сайн дурын дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 8-ны байдлаар 45 хүн вакцинд хамрагдсан байна.
Энэхүү вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжид нийцсэн 2026-2027 оны улирлын томуугийн омгийг агуулсан бөгөөд 6 сараас дээш насны хүн бүр, өндөгний харшилтай хүн ч хийлгэх боломжтой сайн чанарын вакцин гэдгээрээ онцлогтой юм.
Вакцин хийлгэхэд эмч тухайн хүний эрүүл мэндийн байдлыг үзэж, үнэлнэ. Вакцин хийлгэхийн өмнө сүүлийн нэг сарын дотор ямар нэг вакцин хийлгээгүй, халдварт өвчнөөр өвдөөгүй, одоогоор халуурч, ханиалгах, суулгах шинж тэмдэггүй байх шаардлагатай.
Мөн өмнө нь вакцин хийлгэсний дараа хүнд харшлын урвал илэрч байсан эсэх болон бусад харшлын түүхээ заавал эмчид мэдээлэх хэрэгтэй.
Томуугийн вакцин хийлгэхийг хориглох тохиолдолд өмнө нь вакцин хийлгэсний дараа хүнд харшлын урвал илэрч байсан, өндөр халууралттай (38 хэмээс дээш) хурц халдварт өвчний үед түр хугацаагаар хойшлуулах шаардлага гарна.
Томуу нь амьсгалын замын дусал болон бохир гараар дамжиж халдварладаг тул гараа тогтмол угаах, хүн бөөгнөрсөн орчинд амны хаалт зүүх, өрөө тасалгааг тогтмол агааржуулах зэрэг арга хэмжээ авах нь халдварын эрсдэлийг бууруулна.
УБТЗ-ын Төв эмнэлэгт томуугийн вакцин хийлгэх иргэд 08:00-15:00 цагийн хооронд цахимаар бүртгүүлж, 65,000 төгрөгийн төлбөр төлснөөр Халдвартын кабинетэд вакцинд хамрагдах боломжтой.
Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахад чухал үүрэгтэй бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүндрэх эрсдэл өндөртэй бүлгүүдэд улирлын томуугийн вакцинжуулалтыг онцгойлон зөвлөж байна.
Томуугийн халдварын эрсдэлийг бууруулахад дараах зургаан өдөр тутмын дадал хэрэгтэй бөгөөд үүнд сайн унтаж амрах, дулаан хувцаслах, гараа савандаж угаах, амны хаалтыг зөв хэрэглэх, өрөөг тогтмол агааржуулах, өвдсөн үед эмчид хандах багтана.
