Нийгэм

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

2017 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж байна.

“УБЦТС” ТӨХК-ийн мэдээлснээр, уг журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд цахилгааны төлбөрийн өргүй гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах юм.

Тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхлэн дараа оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 220В-ын сүлжээнд холбогдсон айл өрх 1,500 кВт.ц хүртэлх хэрэглээг 100%, 380В-ын сүлжээнд холбогдсон бол 3,000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100% хөнгөлнө. Харин энэ хязгаараас давсан хэрэглээний 50%-ийг хөнгөлөхөөр тогтоосон байна.

Шөнийн тарифын хөнгөлөлт оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд үйлчилнэ.

Цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар өдөр, орой, шөнийн хэрэглээний хувь хэмжээг тодорхойлон, шатлалт тарифаар тооцдог бөгөөд хэрэглээг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.цагаас дээш гэсэн бүлгээр ангилдаг байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон гэр сууцны халаалтад цагийн ялгавартай тоолууртай айл өрхүүд хамрагдахыг журамд заажээ.

Улаанбаатар хотод гэр хорооллын бүсэд 171,000 гаруй айл өрх байдаг гэдгийг “УБЦТС” ТӨХК онцолжээ.

Сэтгэгдэл