Жуулчны тээвэрт шатахууны нийлүүлэлтийн саадгүй үйлчилгээг уриалав

Шатахууны нийлүүлэлт тасалдсанаас орон нутагт аялж буй жуулчид замдаа саатах, түгээх станцуудын гадаа олон цагаар дугаарлах, хөтөлбөр, маршрутын дагуу явж чадахгүй болох, олон улсын хуваарьт нислэгээс хоцрох эрсдэл үүссэн байна. Иймд Монголын аялал жуулчлалын холбоо шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй жолооч нарт боломжит хэмжээнд шуурхай үйлчлэх, тухайн ангиллын автомашиныг дараалалд удаан зогсоохгүй байх түр зохицуулалт хийхийг уриаллаа.
Монгол орны аялал жуулчлалын улирлын онцлогийг харгалзан жилд хүлээж авдаг нийт жуулчдын 70 гаруй хувь нь 6-9 дүгээр сард ирдэг байна. Энэ богино хугацаанд аялал жуулчлалын үйлчилгээг тасралтгүй, хэвийн үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь тур оператор, аяллын бизнес эрхлэгчид, салбарын яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагын үүрэг гэж тус холбоо онцолжээ.
