Эхийн сүүгээр хооллолт хүүхдийн халдварын эрсдэлийг бууруулдаг

2026-08-041min
Эхийн сүүгээр хооллолт хүүхдийн халдварын эрсдэлийг бууруулдаг
Эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн гэдэсний халдварын эрсдэл 72 хувь буурдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд Монгол Улс энэ үзүүлэлтээр харьцангуй сайн түвшинд байна.

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүүгээр хооллолт-Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байна.

Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар болон тархины хөгжлийг хангадаг, орлуулашгүй хүнс юм.

Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувь, амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар буурдаг болохыг тогтоосон байна. Мөн эхийн сүүгээр хооллолт нь илүүдэл жин, таргалалт, уушгины багтраа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллохыг, цаашид насанд нь тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг.

Монгол Улс эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлтээр олон улсын түвшинд харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа ч “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар зургаан сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолтын түвшин 59.8 хувь, 6–23 сартай хүүхдийн үргэлжлүүлэн хөхүүлэлт 69.7 хувь байгаа нь өмнөх судалгааны үеийнхээс буурсан байна.

Эдгээр үзүүлэлт нь эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих бодлого, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг бэхжүүлэх, төр, эрүүл мэндийн байгууллага, ажил олгогчид, гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Судалгаагаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь хүний капиталд хийх хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан арга хэмжээг өргөжүүлснээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт тутамд дунджаар 59 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог гэжээ.

Мөн эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлэхэд эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”-ыг эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх, жирэмсний болон амаржсаны цалинтай чөлөө, ажлын байрны дэмжлэг, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг нотолгоонд суурилсан арга хэмжээ хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.