Монголын баг “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд зориулсан хувцас, хэрэгслээ хүлээн авлаа

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, наадамд өмсөх нэгдсэн хувцас болон хэрэгслүүдийг албан ёсоор гардууллаа.
Одоогоор Монгол улс 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар Азийн наадмын зохион байгуулах хороонд мэдүүлгээ хүргүүлсэн байна.
МҮОХ нь спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас, хэрэгслээр үнэ төлбөргүй хангаж байгаа юм.
Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүйгээр баг тамирчдын хувцас, хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгааг МҮОХ онцолсон.
Мөн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг дэмжих зорилгоор спортын холбоодод нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Дэлхийд тэргүүлэх 361° спорт хувцасны брэнд нь Монгол улстай хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны Бахрейны Азийн залуучуудын наадам, 2026 оны “Айчи-Нагоя 2026” Азийн наадам, “Дакар 2026” залуучуудын олимпын наадам, мөн “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын 1300 хүнд 15 нэр төрлийн спортын хувцас, хэрэгслийг дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр олгожээ.
