Сэлэнгэ аймагт хүрэн баавгайн суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн 10 суманд хүрэн баавгайн 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар 146 толгой мал баавгайд бариулжээ.
Баавгай нь зөвхөн малын хот, хашаанд орж мал барихгүйгээр иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг ч нөлөөлж байна. Хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдал эрсдэлд өртөж, зарим оршин суугчид гэр орондоо хэвийн амьдрах боломжгүй болсон байна.
Мөн Хүдэр суманд баавгай нэгэн айлын гэрт орж, байшинг сүйтгэн нураасан тохиолдол гараад байна.
Үүссэн нөхцөл байдалтай тэмцэх үүднээс Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүл хийх, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь түр хугацааны онцгой арга хэмжээ бөгөөд нөхцөл байдлыг бүрэн шийдвэрлэхэд хангалтгүй байгааг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж онцоллоо.
Баавгайн идэвхжил нэмэгдэж, тохиолдлын тоо өсөхөд орон нутгийн түвшинд авч буй арга хэмжээ хангалтгүй байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай хэмээн илэрхийлэв.
Нэмж дурдахад сум, орон нутгийн иргэд эргүүл, үргээлэг хийхэд шатахууны хомсдол зэрэг хүндрэлүүд тулгарч байгааг онцолсон байна.
Иймд Сэлэнгэ аймгийн удирдлага Улсын онцгой комисс болон Засгийн газарт баавгайн идэвхжилтэй холбоотой эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг хүссэн мэдэгдэл гаргалаа.


Сэтгэгдэл