Нийгэм

Нийслэл хүний эрхэд суурилсан төсөв боловсруулж байна

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НЗДТГ, холбогдох яамдын болон төрийн захиргааны байгууллагууд, хүний эрх, хууль сахиулах, шүүх, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал төрийн байгууллагууд хүн эрхэд суурилсан хандлагатай төсөв, бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу 2027 оны төсвийн төсөлд хүний эрхийн шалгуурт нийцсэн зарчмын зөрүүтэй санал боловсруулж үр дүн хүлээж байгааг дурдав.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний найман бодлогын нэг болох хүний хөгжлийн бодлогоор хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, эрүүл мэнд, үндэсний соёл, хүний эрхийг хангах үйл ажиллагааг төлөвлөснийг мэдээллээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын салбарын хүртээмжийн асуудлыг танилцуулж, 2020-2025 онд 133 цэцэрлэг, 52 сургууль, 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон бөгөөд энэ хугацаанд 21,905 хүүхэд цэцэрлэгт, 36,678 хүүхэд сургуулийн суралцах боломжтой болсон гэдгийг онцлов.

Тэрээр 2026 оноос хойш 6 сургууль, 12 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон спорт заал зэрэг 22 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсныг мэдээлэв.

Сэтгэгдэл