Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа.
Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр хангах, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх чиглэлд ажиллах юм.
Мөн “Эко өрх” болох шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлох бөгөөд амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах талаар санал, тооцоо судалгаа боловсруулах үүрэгтэй.
Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллана.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар багтсан байна.
Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.


Сэтгэгдэл