Нийгэм

“Бриллиант апартмент-1” орон сууцны гэрээг ил болгохыг шаардаж байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төсөлд 2019-2025 онд нийт 160 айл захиалга өгсөн ч өнөөг хүртэл байрандаа ороогүй байна. Хохирогчид өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна жагсаал зохион байгуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн албан шаардлагын хариуг нэхлээ.

Тэд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд удаа дараа хандсан ч албан ёсны хариу аваагүй хэмээн мэдээлэв. Хохирогчдын төлөөллийн хэлснээр, төрийн бус байгууллага байгуулж албан шаардлага хүргүүлснээс хойш 35 хоног өнгөрсөн ч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Иймд өчигдөр дахин шаардлага хүргүүлж, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Бриллиант партнерс” компанийн хооронд байгуулсан гэрээг ил болгохыг шаардаж байгаа юм. Хохирогчдын төлөөлөл гэрээнд ямар нөхцөл тусгасан, яагаад захиалагчдаас нууцалж буйг тодруулж, энэ нь төрийн нууц биш учир захиалагчид гэрээтэй танилцах эрхтэй гэжээ.

Анх иргэдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын орон сууц гэж танилцуулан захиалга авсан хэдий ч гэрээ, газар чөлөөлөлтийн талаар тодорхой мэдээлэлгүй байгааг тэрбээр онцлов. Одоогоор төрийн бус байгууллагад 60 айл нэгдсэн бол 60 айл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтны байр суурьтай бөгөөд үлдсэн 40 орчим захиалагчийн зарим нь гадаад болон орон нутагт амьдарч, холбоо тогтоож чадаагүй байна.

Хэрэв холбогдох байгууллагаас албан шаардлагын хариу ирүүлээгүй тохиолдолд хохирогчид суулт, өлсгөлөн зарлан тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.

Сэтгэгдэл