Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэх үзлэгт 54,212 сурагч бүрэн хамрагджээ

Сургуулиуд болон цэцэрлэгүүдэд зохион байгуулагдаж байгаа эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нд эхэлж, хоёр сарын турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

Энэхүү үзлэгт нийт 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган сурагч хамрагдахаар төлөвлөгдсөн бөгөөд Боловсрол, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар эхний 14 хоногийн дотор улсын хэмжээнд 121,744 сурагч үзлэгт хамрагдаж, үүний 54,212 нь үзлэгээ бүрэн дүүрэн дуусгасан байна. Энэ нь үзлэгт хамрагдах ёстой сурагчдын ойролцоогоор 20 хувийг бүрэн хамруулсан гэсэн үг юм.

Аймаг орон нутгийн хувьд Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж хамгийн өндөр хувьтай байгаа бол Сүхбаатар аймаг 2.5 хувийн хамрагдалттай байгаа аж.

Үзлэгийн явцад сурагчдын дунд шүд, нүдний өвчлөл түгээмэл байгааг тодруулж, мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэжээ.

Энэхүү үзлэг нь 4 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд сурагчдын эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн 4 түвшинд үнэлж байна.

Дунд болон өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн сурагчдыг давтан үзлэгт хамруулан, дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл