Нийслэлийн иргэд 14 хоног автомашинаа унаагүй бол авто зам ашигласны төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг буцаан авах тооцоолол гарчээ.
Улаанбаатар хотын Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ” тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва “COP17” олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг хэрэгжүүлж, 14 хоног автомашинаа унаж чадаагүй иргэд, аж ахуйн нэгжийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэж мэдэгдсэн байна.
2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлд бүртгэлтэй 744,246 авто тээврийн хэрэгслээс 720,122 нь хязгаарлалтад хамрагдаж, замын хөдөлгөөнд оролцдог аж.
Авто зам ашигласны төлбөрийг буцаан олгох тооцооллоор хоногтоо нийт 300.8 сая, 14 хоногт 4,211.5 сая, 30 хоног буюу сард 9,024.7 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс төлөх тооцоо гарчээ.
Тээврийн хэрэгслийн төрөл бүрээс хамааруулан хоногийн буцаан олголт 274-1,370, 14 хоногт 3,836-19,180, сардаа 8,220-41,100 төгрөгийн хооронд байна.
Гэхдээ энэхүү хөнгөлөлт нь дипломат байгууллагын болон тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл, байлдааны болон тусгай зориулалтын машин, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд болон ажилчдын автобус зэрэгт хамаарахгүй юм.
Тогтоолын төсөлд илэрхийлсэнээр энэхүү хөнгөлөлт нь автомашины улсын дугаарын хязгаарлалтыг цуцалсан хэрэг биш бөгөөд зөвхөн авто зам ашигласны төлбөрийг буцаан олгох санхүүгийн зохицуулалт орно.
Эцсийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн батлах ажээ.


Сэтгэгдэл