Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс томуу, томуу төст өвчний халдварын тархалтыг бууруулахын тулд хүүхдээ сургуульд нь явуулахын өмнө халуурч байгаа эсэх, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих болон бие сулрах шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг сайтар шалгахыг зөвлөж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдэд амны хаалтыг ам, хамрыг бүрэн таглаж зөв зүүх, бохирдсон болон чийгтэй болсон амны хаалтыг солих дадлыг хэвшүүлэх шаардлагатай юм.
Мөн хүүхдийн цүнхэнд нөөц амны хаалт тогтмол байлгаж, хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүйгээр зориулалтын хогийн саванд хаяхыг зөвлөв.
Томуу, томуу төст өвчний халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд гараа савандаж, урсгал усаар 20 секундээс багагүй хугацаанд зөв угаах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй.
Гараа ялангуяа хоол идэхийн өмнө, ханиаж, найтааж, ариун цэврийн өрөө ашигласны дараа болон гаднаас орж ирэх бүрдээ тогтмол угаахыг зөвлөж байна.
Мэргэжлийн байгууллагаас анги танхимаа тогтмол агааржуулахыг мөн хүмүүст зөвлөжээ.


Сэтгэгдэл