Австралийн орон нутгийн шүүх Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгасан хэрэгт гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгасан байна. Энэ талаар Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам мэдээлэв.
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн иргэн Ё.Амарбаясгалан болон түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эрхийг нь хамгаалах, хууль зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд оролцсон байна.
Ё.Амарбаясгаланг 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулан хүчингийн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.
Монгол Элчин сайдын яам өнгөрсөн зургаан сарын хугацаанд тухайн иргэн болон гэр бүлийнхэндээ анхаарал тавьж, сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлж, холбогдох хууль сахиулах болон шүүхийн байгууллагуудтай тогтмол харилцан ажилласан байна.
Австралийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага, өмгөөлөгчдийн хамтран үнэлж 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сидней хотын шүүх Ё.Амарбаясгаланыг уг хэрэгт холбогдохгүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргасан юм.
2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ё.Амарбаясгалан гэр бүлийн хамт Канберра хотод ирж Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамаас үзүүлсэн дэмжлэгт баярлаж, талархал илэрхийлэв.
Монгол Улсын Элчин сайдын яам Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагад хуулийн дагуу шударгаар шийдвэр гаргасанд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн тус яам Австрали улсад оршин сууж буй иргэддээ хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хууль бус үйлдэл, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж, хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд яаралтай Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл