XIII зууны үед Монголын хүчирхэг төрийн үндэс нь ямар зүйлсэд суурилсаныг Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан” үндэсний музейд танилцуулсан лекцээр тодрууллаа.
Тус музей, Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран “Монгол бахархлын өдөр”-т зориулсан эрдэмтдийн цуврал лекцээ зохион байгуулсан юм.
Доктор Д.Өлзийбаатар лекцдээ, “Монголын мандал бадралын учиг өнгөрсөнд бий. Энэхүү учгийг ойлгож, хэрэгжүүлж чадвал ирээдүйд мандах нөхцөл бүрдэнэ” гэж онцлов.
Тэрээр, 1206 онд Тэмүүжинг Онон голын эхэнд болсон хуралдаанаар Чингис хаан болгосон нь монголчуудын овог аймгийн эрх ашгаас давсан, нэгдсэн төрийн байгууламжийг бий болгосон гэдгийг дурдаад, хүчирхэг төрийг бүрдүүлсэн таван хүчин зүйлийг нэрлэв.
Эдгээр нь үнэнч зүтгэл, эвлэрэл, нэгдмэл зорилго, сахилга хариуцлага, хүний чадавх юм. Үүнийг тус тусад нь тайлбарлав.
Юуны өмнө, урвалтын оронд үнэнч зүтгэл, итгэлийг бий болгосон нь төрийн оршин тогтнолд үнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг онцоллоо. Тэмүүжин бага наснаасаа урвалтын хор уршгийг ойлгож, үнэнч нөхдийн үнэт байдлыг дээдэлдэг байв.
Мөн тэрээр, өш хонзонг эвлэрэл, хамтын зүтгэлд хувиргасан Чингис хааны хандлагыг онцлон, ялагдсан талуудыг нэгтгэх замаар хүчийг нэгтгэх замыг нээн харж байсан гэв.
Нэгдмэл зорилго, үндэсний эрх ашгийг эрх ашгаас дээгүүр тавьж, овог аймгуудын явцуу эрх ашгийг гишгэж, нийтлэг эрх ашгийг бий болгосон нь чухал биет үзүүлэлт болсон юм.
Дур зоргоор авирлахыг хязгаарлан, сахилга хариуцлагатай төрийн тогтолцоог байгуулж, үүнд удирдагчид өөрсдөө хууль журмыг сахиж, хариуцлага хүлээх ёстойг илтгэлдээ тэмдэглэв.
Төрийн хүчирхэг байдлын үндэс нь яс үндэс, овог гарлыг бус хүний чадавх, үнэнч байдлыг эрхэмлэх бодлого байжээ.
Лекцийн төгсгөлд Д.Өлзийбаатар төрийн албаны удирдах албан тушаалтан бүр дараах таван асуултыг өөрөөсөө асууж байхыг зөвлөсөн байна: үнэнийг хэлдэг хүнийг үнэлж байгаа эсэх, санал нийлэхгүй хүмүүстэй хамтран ажиллах чадвар, нийтлэг зорилго, хууль дүрмээ өөрөө мөрдөж байгаа эсэх, улс оронд хэрэгтэй хүнийг олж сонгож байгаа эсэх.
Эдгээр асуултад хариулж чадахгүй бол төр суларч байгааг илэрхийлэх юм.


Сэтгэгдэл