Өнгөрсөн аравдугаар сард Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтаар гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хүрээнд 18 удаагийн хяналт, шалгалт явуулж, нийт 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамруулжээ.
Эдгээр шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Шалгалт нь төлөвлөгөөт дөрөв болон төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналтаас бүрдэжээ.
Гадаадын иргэний хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн болон 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох арга хэмжээ авсан байна.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.6 хувь нь уригч аж ахуйн нэгж, байгууллагын шугамаар орсон нь тодорхой байна. Хамгийн их бүртгэгдсэн зөрчлийн төрлүүд нь удирдамжийн хугацааг хэтрүүлсэн (46.2 хувь) болон оршин суух зөвшөөрөлгүй болсон (41.9 хувь) явдал байв.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч гарахаас зайлсхийсэн, визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчлийн улмаас есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Тухайлбал, тэдгээр иргэдийн 110 нь БНХАУ-ын, тав нь ОХУ-ын, дөрөв нь Узбекистаны, гурав нь Вьетнам, гурван иргэн нь Филиппин улсаас буюу нийт есөн улсын иргэд байжээ. Мөн БНСУ, БНЭУ, Сирийн тус бүр нэгээс нэг иргэн, мөн Малави улсын нэг иргэнийг албадан гаргасан байна.
Энэхүү мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газар гаргасан байна.


Сэтгэгдэл