Нийгэм

Т.Даваадалай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмгөөлөгчгүйгээр үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Т.Даваадалайн өмгөөлөгчид хүрэлцэн ирээгүй тул түүний зүгээс “Миний эрхийг хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү” хэмээн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Харин прокурор болон шүүгчийн зүгээс энэ удаагийн хурал нь урьдчилсан хэлэлцүүлэг тул заавал өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй хэмээн үзэж, түр завсарласны эцэст хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Тодруулбал, Т.Даваадалайн хоёр өмгөөлөгчийн нэг нь урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох санал гаргаагүй бол нөгөө өмгөөлөгч нь маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-нд БНХАУ руу эмчилгээнд явах тул өнөөдрийн хуралд оролцох боломжтой байсан гэж шүүгч үзсэн байна. Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг Т.Даваадалайн өмгөөлөгчгүйгээр үргэлжилж эхэлсэн бөгөөд тэрбээр хавтаст хэрэгт авагдаагүй гэх баримт материалуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Сануулахад, Т.Даваадалайг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв” нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийн сонгон шалгаруулалтыг хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр шалгасан байдаг. ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон их хэмжээний ашиг олж мөнгө угаасан (Эрүүгийн хуулийн 22.1.2, 18.6.2) гэмт хэрэгт яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.

 

Сэтгэгдэл