Ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр 2027 оны төсвийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад чиглэсэн бодлоготойгоор боловсруулахад анхаарч ажилласан гэж онцлов.
Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ахмад настнуудын тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дахин 10 хувиар нэмэхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд ахмадуудын тэтгэвэр дунджаар 1.3 сая төгрөгт хүрэх юм.
Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлж, боловсролын салбарын тэтгэмжтэй тэнцүү болгожээ. Төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсний дараа бүх төрийн албан хаагчдын цалинг 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр Засгийн газар төсөвт тусгасан байна.
Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилготой бөгөөд Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд экспортлох боломжийг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтыг ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж гэж үзэж, улсын төсөв болон гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төслүүдэд 3,000 гаруй компани оролцоно. Энэ бүтээн байгуулалтын үр дүнд 90 мянга гаруй ажлын байр хадгалагдах тооцоо гарчээ.
Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилтээр өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болох боломжтой болгох зорилготой.
Түүнчлэн хувийн хэвшлийн оролцоотой шинэ орон сууцны зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх бөгөөд эхний гурван жилд 6 хувь, дөрөвдүгээр жилээс 12 хувийн хүүтэй байна. Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулж, түрээсээр өмчлөх болон зээлийн үйл явцыг ил тод болгох арга хэмжээ авах юм.
Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөхөөр төсөвт тусгалаа.
2027 оны төсвийн гол зорилго нь иргэдийн орлогыг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, эрчим хүч, зам, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн байна. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тоон үзүүлэлтээс гадна иргэдийн амьдралд бодитойгоор мэдрэгдэхээр зорьж төсвийг боловсруулж, УИХ баталсан юм.


Сэтгэгдэл