Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсвийн талаар мэдээлэв

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсөв батлагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн реформын шинжтэй ажил хэрэгжиж байгааг онцолсон юм. Үүний дотор эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор тодорхой ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн жил 850 орчим мянган иргэн хөнгөлөлттэй эм авчээ. Тэдний 240 мянга нь зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй архаг өвчтэй иргэд байгаа юм. Зүрх судасны өвчний эмийн ангилалд цус шингэлэх эм, даралт бууруулах эм, зүрхний хэм алдагдлын үед хэрэглэдэг эм зэрэг гурван төрөл багтдаг.

Эдгээр 240 мянган өвчтөнд дийлэнх нь буюу ойролцоогоор 80 хувь нь ахмадууд байна. Судалгаагаар ахмадуудын тэтгэвэрийн орлогын 40-70 хувь нь эмийн зардалд зарцуулагдаж байгаа аж. Мөн тэдний 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэлээс шалтгаалан эмийн хэрэглээгээ тасалдуулдаг байна.

Иймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг 220 төрлийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт хийгдэж байна. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, эмийн тогтмол хэрэглээг хангах замаар өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой гэжээ.

Сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж үйлчилгээний гол зорилт нь хүн өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал болохыг онцолсон юм.

Сэтгэгдэл