Нийгэм

Нийслэлийн хятад хэлний сургалтай шилдэг сурагчдад Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай 71 сургуулийн шилдэг 300 сурагчид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг хүртжээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сурагчдад нийт 150 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

Тэтгэлгийн зорилго нь сурагчдын хятад хэлний суралцах идэвхийг нэмэгдүүлэх, Хятадын соёлыг судлахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад тус улсын их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж.

Шилдэг сурагчдад Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли нар тэтгэлэг гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Мэдлэг, оюунаараа манлайлагч шилдэг сурагчдад хэрэгцээтэй дэмжлэг үзүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Энэхүү тэтгэлэг нь хүүхэд, залуусын боловсрол, хөгжлийг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэж хэлэв.

Тэрбээр мөн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, нийслэлд одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 4000 гаруй сурагч хятад хэлийг судлаж байгааг мэдээлэв.

Нийслэлийн удирдлагын зүгээс сурагчдад хэлний мэдлэгээ дээшлүүлж, дэлхийн боловсрол эзэмшин эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Сэтгэгдэл