Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Туул гол дагуух Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн байна.
Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүссэн хогийг цэвэрлэх, тээвэрлэх үүргийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдэд Өргөнөөр өгчээ. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлэн ажиллаж байна.
Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттайгаар цэвэрлэхээр төлөвлөжээ. Газар эзэмшилтийн гэрээг хэрэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшигчдийг албан үүргээ биелүүлж, эзэмшлийнхээ хог хаягдлыг цэвэрлэхийг уриалж байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан мэдээлснээр, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар албан даалгаврын дагуу дээрх нутаг дэвсгэрт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг үе шаттай арилгах, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Тухайн нутгийн газар эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн талбай болон Туул голын орчим дахь 50 метрийн зайд хогийг цэвэрлэх үүрэгтэй юм.
Тус цэвэрлэгээний ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлж байна гэжээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдоржийн мэдээлснээр, долоон аж ахуйн нэгж байр сууриа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх хэлэхдээ, газрын тухай хуулийн дагуу зориулалтын дагуу газар ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шаардлага биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэв.


Сэтгэгдэл