Нийгэм

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг байна. Энэ тэмцээнд дунджаар 6000 гаруй шатарчин оролцдог гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, олон улсын шилдэг шүүгч Г.Алтан-Оч нар 2026 оны 11 дүгээр сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэв.

Монгол Улс жил бүрийн 1 дүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд шинэ Үндсэн хуулийн батлалтаас хойш 35 жилийн ойн арга хэмжээ нь 2027 оны 1 дүгээр сарын 13-нд тохионо.

15 дахь удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу 3 үе шаттай зохион байгуулагдах юм. Анхан шатны тэмцээнийг аймаг, нийслэлийн шатрын холбоод, хагас шигшээ болон шигшээ тэмцээнүүдийг нийслэлийн шатрын холбоо зохион байгуулах аж.

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар эрэгтэй шатарчдаас чансаа нь 2000-аас доогуур, эмэгтэйчүүдээс 1800-аас доогуур рейтингтэй, шатрын спортын улсын цолгүй, хамгийн багадаа 25 нас хүрсэн шатарчид оролцох эрхтэй. Мөн олон улсын түвшинд өндөр чансаатай шатарчдыг урьж оролцуулж байна.

Ерөнхий шүүгчээр энэ жил олон улсын шилдэг шүүгч Г.Алтан-Оч ажиллана. Тоглолт нэг талдаа 1 цаг, нийт хоёр цаг үргэлжилнэ. Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээнд 10-аас цөөн шатарчин оролцвол тойргийн системээр, 10-аас олон бол Швейцар системээр оноолтыг хийдэг байна. Шагналын сан энэ жил нэмэгдсэн тухай Г.Алтан-Оч мэдээлэв.

Тэмцээний эхний шат 2026 оны 11 дүгээр сарын 28-29-нд улс даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ шатанд сум бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд тоглох эрх авдаг.

Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 19-20-нд зохион байгуулагдана. Үүнээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй шалгарч, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцоно.

Шигшээ тэмцээн 2027 оны 1 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Энэ шатанд Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хууль тогтоогчдын холбоо болон бусад байгууллагаас 120 гаруй шатарчин урилгаар оролцохоор төлөвлөжээ.

Монголын шатрын холбооны дүрмийн дагуу тэмцээнд медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгодог бөгөөд энэ удаагийн шигшээ тэмцээнд медаль хүртсэн 6 шатарчин уг цолыг авах юм. Мөн тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодож, шатар сонирхогчдын чансааг шинэчлэх боломжийг олгодог гэж УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Сэтгэгдэл