Нийслэлийн Засаг даргын 2027 оны төсвийн төсөл нь нийт 4.8 их наяд төгрөгийн орлого, мөн хэмжээний зарлагатайгаар батлагдсан байна. Улсын төсвөөс нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд 57.7 тэрбум төгрөг, харин нэгдсэн төсвийн хувьд 420.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон байна.
Төсвийн төсөлд урсгал зардалд 1.9 их наяд төгрөг, хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Урсгал зардал нь 2026 оныхоос 99.5 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар өсөхөөр байна.
Нийслэлийн төсвийн орлого сүүлийн таван жилд гурав дахин нэмэгдсэн бөгөөд гол эх үүсвэр нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар юм. Ирэх онд нийслэлийн төсвийн 70 орчим хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдэнэ гэж тооцоолсон байна.
Урсгал зарлагын дотор хагас коксон түлшний зардал, нийгмийн даатгалын шимтгэл, нийтийн тээврийн машин цаг нөхөн олговорын зардал хамгийн өндөр буюу 191.7 тэрбум төгрөгөөр өсөхөөр төлөвлөгдсөн байна.
Агаарын бохирдлыг бууруулахад 476.9 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан нь урсгал зардлын 24.6 хувийг эзэлж байна. Үүнээс 400 тэрбум төгрөгийг хагас коксон түлш БНХАУ-аас импортлоход зарцуулах юм. 2027 онд агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувиар бууруулах зорилго тавигджээ. Мөн нүүрс түлдэг 24 зуухыг цэвэр эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төсөвт нэг их наяд орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийх бөгөөд улсын төсвөд 420 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Хөрөнгө оруулалтын хүрээнд 392 төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд эдгээр нь ихэвчлэн хот байгуулалт, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүчний салбаруудад чиглэгдэнэ. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 11 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Баянголын амны 2007 айлын орон сууц, “Солонго 1”, “Солонго 2” хорооллууд, 5000 өрхийн ногоон хороолол зэрэг томоохон орон сууцны бүтээн байгуулалтын төсөл үргэлжлэх аж.
Түүнчлэн Туулын хурдны замын трассыг шинэчилж, баруун, зүүн чиглэлийн авто замын гарцын нэвтрүүлэх чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл