Нийгэм

Дүүжин замын төслөөр зорчигчдын аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулж байна

Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх явцад зорчигчдын аюулгүй байдлыг хангах, ослын үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор сургалт зохион байгуулдаг нь францын “Пома групп” компанийн бодлогын нэг хэсэг юм.

Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын үйл ажиллагааны явцад байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл, гэнэтийн саатал үүсэх эрсдэл бий болохыг тооцоолсон байна.

Ийм нөхцөлд зорчигчдыг аюулгүй буулгах, шуурхай тусламж үзүүлэх зорилгоор “Пома групп” үе шаттай сургалт зохион байгуулж байгаа бөгөөд тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтойгоор тодотгожээ.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагч, мэргэжилтнүүд оролцсон байна. Тус сургалтад хамрагдсан Баянгол дүүргийн Гал түймэр унтраах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Х.Тэмүүжин онолын болон практик гэсэн хоёр үе шаттай сургалт хийгдэж байгааг онцолжээ.

Сургалтаар хөдөлмөрийн аюулгүйн нормыг мөрдөх, багаж хэрэгслийг зөв ашиглах, өндрөөс аврах ажиллагаа гүйцэтгэх, нэг кабиннаас нөгөө кабин руу зориулалтын бэхэлгээ ашиглан шилжих дадлага хийнэ.

Монголд анх удаа хэрэгжиж буй энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч, дүүжин замын зориулалтын аврах багаж хэрэгсэл, техник төхөөрөмжтэй ажиллах арга барилд суралцаж байгааг тэрээр дурдажээ.

Инженерүүдийн үзэж буйгаар, зохион байгуулж буй сургалт нь осол, эвдрэл гарасны дараах эрсдэлд бус, урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт ажил хэсэг гэдгийг тодотгосон.

Өөрөөр хэлбэл, эрсдлээс сэргийлэх зорилготойгоор төслийн бүх үе шатанд зохион байгуулах шаардлагатай бөгөөд уг сургалтыг “Пома групп”-ийн өндрөөс аврах ажиллагааны сургагч багш Bertrand Malrait удирдан явуулж байна.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар

Сэтгэгдэл