Улс төр

УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх хуулийн төслүүд

Улсын Их Хурлын энэ долоо хоногийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл, асуудлын хэлэлцүүлэг явагдана.

Пүрэв гарагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх явц үргэлжилнэ.

Мөн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүн 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут байхаар төлөвлөгдсөн байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Ажлын хэсэг Н.Батсүмбэрэл нарын 9 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут үргэлжилнэ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүн 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх явц үргэлжилж байна.

Бас Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газар 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асууж хэлэлцэх хугацаа 90 минут байхаар товлогдсон байна.

Харин Баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 7 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх юм.

Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, дагалдах журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл