Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Украины Аонишики гурав дахь удаагаа дээд зиндаанд түрүүллээ. Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өчигдөр/2026.07.26/ өндөрлөж, эзэн хааны цомын төлөө гурван бөх өрсөлдөн нэмэлт барилдаанаар аваргаа тодруулав.
Башёгийн сүүлийн 15 дахь өдрийн барилдааны дараа Аонишики, сэкивакэ Атамифүжи, озэки Киришима Б.Лхагвасүрэн нар адил 12-3 гэсэн амжилттай болжээ. Улмаар нэмэлт барилдаанаар ялагчийг тодруулсан юм.
Нэмэлт барилдаанд Аонишики хоёр өрсөлдөгчөө хоёуланг нь ялж, түрүүлжээ. Харин Атамифүжи озэки Киришимаг давж, Киришима хоёр барилдаанаас даваа авч чадсангүй. Аонишики энэ башёд түрүүлэхээс гадна озэки цолны болзлоо хангасан юм.
Шагайны бэртлийн улмаас хэсэг хугацаанд барилдаж чадаагүй Аонишикиг дараагийн ёкозүна гэж ярих хүн олон болжээ.

Нагоя башёд түрүүлсэн Аонишики ярихдаа “Би башё эхлэхийн өмнө дэвжээний багштайгаа ярьж, зорилгоо арав давах биш түрүүлэх гэж тодорхойлсон. Тиймээс түрүүлсэндээ баяртай байна. Бэртлийн улмаас цол буурч, сэкивакэ болсон. Харамсаж, гутарч байсан ч энэ төгсгөл биш гэж өөртөө хэлсэн” гэв.
Ёкозүна Оносато башёг тааруу эхлүүлсэн ч эцэст нь учраа олж, 9-6 гэж эерэг үр дүнтэй өндөрлүүлэв. Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас 14 дэх өдрөөс башёг орхисон билээ.


